2018-09-21 16:02

Таван настай эхийн итгэмээргүй түүх…

access_time 2018-09-21 16:02

Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны түүхэнд хамгийн нялх эхээр Перугийн Лина Мединаг цохон тэмдэглэсэн байдаг. Хүү Херардогоо төрүүлэхдээ Лина дөнгөж 6 нас ч хүрээгүй байлаа. Жирийн хүмүүс битгий хэл өөрөө үхэхээс бусдыг үзсэн хашир эмч, судлаачдын хувьд ч Линагийн эх болсон нь итгэхийн аргагүй явдал байв.

Лина Медина 1933 онд Перугийн жижиг тосгонд яуу айлын гэрт мэндэлжээ. Харин 1939 оны тавдугаар сарын 14-нд дээр өгүүлсэнчлэн 5 нас 7 сартайдаа хүүхэд гаргасан юм. Гэдэс нь томроод буй охиныг эмч нар эхэлж үзэхдээ хавдар гарч л гэж бодож. Гэвч сайтар шинжилгээ хийсний дүнд 7 сартай жирэмсэн болохыг нь тогтоожээ.

Эмч Херардо Лосада охиныг нийслэл Лима руу дагуулан явж, нэмэлт шинжилгээ хийлээ. Жирэмсэн гэдэг нь бүрэн батлагдав. Эмч нарын тогтоосноор бол Лина хэдхэн сартай байхдаа л гормоний асуудалтай болж, найман сартайд нь “сарын тэмдэг” нь анх иржээ.

Дөрвөн настайдаа сүүний булчирхай нь хөгжиж, таван настайдаа тааз нь томорч төрөлтөд бие нь өөрөө бэлдэж эхэлсэн байна. Гэлээ ч Лина дөнгөж таван настай учир өөрөөрөө төрөх ямар ч боломжгүй тул кесарево хагалгаа хийж, хүү нь хорвоод мэндэлжээ. Хүүгийн биеийн жин 2700 грамм бөгөөд хэвийн эрүүл. Линагийн биеийн байдлыг хариуцаж байсан эмч Херардогийн нэрийг хүүдээ өгсөн юм билээ.

Ингээд Лина хүүгийнхээ хамт хоёулаа зэрэг өсөн торних болов. Хүү Херардо нь 10 нас хүртлээ Линаг эгчээ гэж бодож явсан гэдэг.

Лина Медина хэвлэл мэдээллийнхэнтэй тун бага харилцана. Хүмүүс түүнээс “Хүүгийн эцэг нь хэн юм бэ?” гэж түмэнтээ асуусан ч тодорхой хариулт өгөөгүй өнгөрсөн гэдэг. Магадгүй охин яг юу болоод жирэмсэн болсноо ойлгоогүй ч байж мэднэ. Эсвэл хэн нэгэн түүнийг хүчиндсэн тул хэлэхээс эмээсэн ч байж болох юм.

Цагдаа нар 1939 онд буюу Линаг хүүгээ төрүүлсэн жил түүний эцгийг баривчлан хорьж, охиноо хүчиндсэн хэрэгт буруутгажээ. Гэвч нотлох баримт хангалттай биш гэсэн шалтгаанаар суллахаас аргагүйд хүрсэн юм.

Зарим нь Линаг шашины гаж ёс заншлын золиос болж, жирэмсэлсэн гэж үздэг.

Лина Медина 1972 онд 39 насандаа Рауль Хурадо гэх эртэй гэрлэж, дахин хүү төрүүлжээ. Харин ууган хүү Херардо нь үүнээс долоон жилийн дараагаар 40 насандаа өвчний улмаас нас баржээ. Ийнхүү Лина үрээ өмнөө оруулж, энэ хорвоогийн хамгийн хэцүү зовлонг үзсэн байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.