2018-09-13 19:20

“Энэ бол хүүхдэдээ вакцин хийлгээгүйн минь үр дагавар”

access_time 2018-09-13 19:20

Вакцин хийлгээгүйн улмаас хөхүүл ханиад туссан нэгэн хүүгийн ээжийн нийгмийн сүлжээндээ тавьсан анхааруулга олны анхаарлыг татаад байна.

Жессика Борен ой зургаан сартай хүү Бродид тохиолдсон түүхээ өөрийн цахим хуудаснаа бичиж, олон нийттэй хуваалцжээ.

Фэйсбүүк хуудаснаа тэрээр нийгмийн сүлжээгээр тархсан “вакцины эсрэг” байр суурь бүхий суртал ухуулганд автаж, бага хүү Бродигоо зургаан сар хүрэх үед хүүдээ дахин вакцин хийлгэхгүй гэж шийдсэн талаараа бичсэн байна.

Хүүгийнхээ зураг болон бичлэгийн доор Жессика, “Хүүд маань амьсгалахад хүндрэлтэй, ханиах тоолонд нь хамаг бие нь хөхөрдөг. Нэг ханиалгачихвал тасралтгүй 1 минут хэртэй ханиалгана. Цагт олон удаа ингэж ханиалгана. Энэ байдал нь тав хоног үргэлжилнэ. Биеийн байдал нь улам л дордсоор. Манай гэрийн хамгийн аз жаргалтай хүүхэд одоо инээмсэглэж ч чадахгүй байна.” хэмээн бичжээ.

Америкийн Миссури мужид амьдардаг Жессика Борен хүүгээ эмнэлгийн яаралтай тусламжийн төвд хоёр ч удаа дагуулж очсон ба тэр болгонд нь эмч нар Бродийг вирусын гаралтай халдвар авсан гэсэн онош тавьсан аж. Жессикагийн хувьд Бродид илүү ноцтой зүйл тулгараад байгааг зөнгөөрөө мэдэрсэн гэлтэй. Тэрээр бие даан судалсны үндсэн дээр хүү нь вирусийн халдвар бус нянгаар үүсгэгддэг хөхүүл ханиадны халдвар авсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрч, энэхүү таамгаа эмч нартай хуваалцжээ.

Хөхүүл ханиадны халдвар маш ховор учраас эмч нар түүний таамгийг няцаасан ч Жессика хүүгээс нь шинжилгээ авахыг шаардсан аж. Шинжилгээний үр дүнд Броди үнэхээр хөхүүл ханиадны халдвар авсан болох нь нотлогдсон ба хүүг тэр даруй эмнэлэгт хэвтүүлжээ.

Броди эмнэлэгт дөрөв хоносон бөгөөд эмчилгээгээ цаашид гэртээ хийлгэхээр болсон байна. Бага хүүгийнх нь биеийн байдал сайжирч, Броди бүрэн эдгэрэх ч гэсэн Жессикагийн хувьд хүүгээ төдийгүй бусад хүмүүсийг эрсдэлд оруулсан явдалд өөрийгөө буруутгасаар байгаа аж. Тэрээр, “Энэ бол вакцины эсрэг байр суурьтай хүмүүс рүү давших эсвэл хэн нэгэнд буруу өгөх, хэн нэгнийг шүүмжилж буй хэрэг биш юм. Миний гаргасан шийдвэр бол зөвхөн миний л шийдвэр. Миний мэдлэг дутуугаас, айснаасаа болж гаргасан шийдвэр. Энэ бол миний хүүхдээ дархлаажуулалтанд хамруулаагүйн үр дагавар” хэмээн бичсэн байна.

Түүний постыг Фэйсбүүк хэрэглэгчид 115 мянга гаруй удаа хуваалцсан ба иргэдийн дийлэнх нь түүний постыг эергээр хүлээн авсан гэнэ.

Хүү Бродид нь тохиолдсон түүх бусад эцэг эхчүүдэд сургамж болоосой хэмээн Жессика хүссэн аж. Тэрээр, “Энэ бол бидэнд тохиолдсон явдал. Бидний туршлага бусад гэр бүлүүдэд сургамж болох байх гэж найдаж байна. Ямар ч эцэг эхэд хүүхдэд нь Бродид тохиолдсон шиг зүйл битгий тохиолдоосой гэж залбирч байна. Ийм л учраас та бүгд хүүхдээ дархлаажуулалтанд хамруулж, хүүхдээ хамгаалах ёстой юм.” хэмээн бичжээ.

АНУ-ын хувьд хөхүүл ханиадны вакциныг 2, 4, 6 сартайд, хүүхдийг ой 3 сараас ой 6 сартайн хооронд нэг удаа, 2-4 насны хооронд нэг гээд нийт таван удаа хийдэг бол Монгол улсад Сахуу татран, хөхүүл ханиад, B гепатит, хемофилюс инфлюенза В халдваруудын эсрэг товлолт Тавт вакциныг 2, 3, 4 сартайд хийдэг билээ.

Эх сурвалж: Yahoo

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.