2018-08-21 18:22

Японы дөрвөн сагсчин биеэ үнэлэгчидтэй хоносныхоо дараа Азийн Наадмаас хөөгджээ

access_time 2018-08-21 18:22

Индонезид эхэлсэн Азийн Спортын Наадамд оролцож байгаа Японы сагсан бөмбөгийн багийн дөрвөн тамирчин Жакарта дахь зочид буудалд биеэ үнэлэгчидтэй хоносны улмаас нутаг буцсаныг тус улсын төлөөлөгчдийн ахлагч Ясухиро Ямашита өнөөдөр мэдэгджээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Катартай тоглосныхоо дараа тэд тамирчдын хотхоноос гадуур хооллохдоо япон хэлтэй нутгийн иргэдтэй уулзаж, хаанаас биеэ үнэлэгч олж болохыг асуусан байна.

Улмаар шигшээ багийн өмсгөлтэй дөрвөн тамирчин бааранд хоёр цаг суусныхаа дараа дөрвөн эмэгтэйтэй зочид буудал руугаа орж, Баасан гарагийн өглөө хүртэл хамт байжээ.

Тэдгээр тамирчид нь 27 настай Юүя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато, 22 настай Кэйта Имамура нар байсныг төлөөлөгчдийн ахлагч мэдэгдсэн байна.

“Японы Үндэсний Олимпийн Хороо тэдний тэмцээнд оролцох эрхийг цуцалж, эрт нутаг буцаахаар шийдсэн тул өнөөдөр өглөө Жакартагаас явсан. Дөрвөн тамирчин нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байгаа” гэж Ямашита мэдээлжээ.

Тэр цааш нь “Бидэнд сахилга батын тусгай дүрэм бий. Тэд дүрмээ зөрчсөн нь тодорхой байна. Тамирчид бол зөвхөн спортын танхимд биш, хаа явсан газраа нийгэмд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой. Ийм явдал болсонд харамсаж, Японы ард түмнээс төлөөлөгчдийн ахлагчийн хувьд уучлал гуйж байна” гэж хэлсэн юм.

Дөрвөн жилийн өмнө Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан Японы баг хоёр дахь тоглолтдоо Катарыг 82:71 харьцаатай хожиж C хэсгийг тэргүүлж байгаа. Тэд Лхагва гарагт Хонг Конгийн шигшээ багтай тоглох юм.

Одоо Японы шигшээ найман тоглогчтой үлдэж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж байна.

Эх сурвалж: Japan Today

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.