2018-08-15 17:30

Айраг суманд болсон осол: Ханиараа бахархлаа

access_time 2018-08-15 17:30

Миний хань О.Баасанжав нь Сайншанд ЦХАнгид ажилладаг. Би гэр бүлийн хамт хотоос Cайншанд орох галт тэргэнд зорчин явж байхад уг галт тэрэг осолдож, үнэхээр аймшигтай зүйл болж, энд тэндгүй хүн хашгарч, аврал эрж вагонууд хажуугаараа унчихсан, учраа олохгүй сандралдаж байлаа. Энэ үед миний хань мэргэжлийн ур чадвар эр зориг гаргаж хүмүүсийг болон вагон үйлчлэгч нарыг удирдан зохион байгуулж вагоны цонх хагалан хүмүүсийг гаргаж эхэллээ. Тухайн үед бороо орж үер урсан унасан вагон доогуур ус урсаж байсан болохоор вагоноос хүн буулгах боломжгүй байсан тул вагоны орыг салгуулж вагоноос гарах дамжих давцан хийж хүмүүсийг буулгаж байлаа. Энэ үед вагоноос гарсан хүмүүсийн зарим нь эргэж унах гэж байгаа вагоноос мартсан эд зүйл болон хамт явсан хүнээ авах гэж аврах ажилд саад болж байгаа харагдсан.

Ингээд маш хурдан унасан вагоноос хүмүүсийг гаргаж дуусаад вагон даргыг дуудаж “вагоноос гаргасан хүмүүст халуу цай кофе өгч дулаацуулж тайвшруул, унасан вагонтой залгаатай вагонд байгаа хүмүүсийг цааш аюулгүй вагонд шилжүүл, ойчоогүй хэвийн зогсож байгаа дотроо хүмүүстэй вагонуудын аваарын гар доормазыг бариул, аваарын товчлуураа дар, хүнтэй вагонууд дор ивүүр тавьж, аюулгүй байдлыг хангуул, бүх зорчигчдын тоог гаргаж тулгаж бүртгэ” гэж маш чангаар хэлэхэд вагон дарга “за” гээд хэлсэн үгийг нь биелүүлэхээр гүйлээ. Ингээд аварсан хүмүүсийн хамт борооноос хорогдож вагонд орж дулаацах юм болов уу бүх юм ард үлдлээ гэж тайвширтал бид нарыг вагонд оруулчихаад вагоны 2 цагдааг дуудаж “аваар болох үед вагоноос гадагш шидэгдсэн хүн байна уу, унасан вагонуудыг дахин шалга үлдсэн хүн байж магад сайн шалгаарай” гэхэд вагоны 2 цагдаа “за” гээд унасан вагон руу гүйгээд явав.

Би ханиа “Вагонд орж нойтон хувцсаа сольж, дулаац” гэхэд “Онхолдсон вагон толгойноос түлш гойжож байгаа гал гарч магадгүй” гээд галын хор барин онхолдсон вагон толгой руу гүйлээ. Ингээд бүх зүйл дууссанч миний хань ослын газрыг хамгаалж гадаа байсаар л байлаа. Хэсэг хугацааны дараа цагдаа, онцгой ирсэн болохоор миний ханийн ажил дууссан байх, аваарт орсон бие нь яаж байгаа бол гэж санаа зовон хүлээж байтал ашгүй нэг ирлээ. “Та хэдийг бүгдийг нь вагоноор авч явж эмнэлгийн үзлэгт оруулна” гэж хэлэхэд нь чи хамт явж үзүүлэхгүй юм уу гэхэд “би энд байх ёстой, зүгээрээ” гэж хэлээд нойтон хувцастай үлдлээ. Одоо осол гарснаас хойш 18 цаг гаран болж байна бид гэртээ ирсэн боловч хань минь ирээгүй л байна. Ажилдаа чин сэтгэлтэй байхын жишээ энэ л байхдаа. ХАНИЙХАА ЭР ЗОРИГ, АВАХААЛЖ САМБАА, УДИРДАХ ЧАДВАРЫГ ТЭРХЭН МӨЧИД ХАРААД ҮНЭХЭЭРИЙН БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРЛӨӨ.

Эх сурвалж: Цогтбаатар Баасансүрэн Баасанжав Бааска.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.