2018-08-14 11:11

ЭХНЭРИЙНХЭЭ ЭР НӨХӨР НЬ ҮҮ, ӨРГӨЖ АВСАН ХҮҮ НЬ ҮҮ?

access_time 2018-08-14 11:11

Арай л муухай эхэлчихсэн үү? За яахав. Гэхдээ яг ийм асуултыг эрчүүдээс нь асуумаар монгол гэр бүлтэй алхам тутамдаа таарна. Цусандаа байдгиймуу, ясандаа байдгиймуу бүү мэд. Бүр нэг цаанаасаа Чингисийн үр удам гэдэгтээ мянган дамнаад итгэчихсэн, гэрийнхээ хойморт залраад хаая хүүе гээд эгнэгт эзэгнээд сууж байх хүсэлтэй. Болж өгвөл олон эхнэр авдаг байсныг нь ч дуурайчих гээд үзчихнэ. Тэрийгээ байдаг л зүйл, бүр байх ЁСТОЙ зүйл мэтээр хүлээж авдаг.

Намайг ингэж бичлээ гээд хэсэг бүлэг нь эр хүний сүлд хийморь, яасан ийсэн юу, хог асгуулах гээ юу бла бла гээд хүний ёсноос гажууд юм хийх гэж байгаа аятай дайрна л даа, мэдээж. Бүгдэд нь таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ!

Ядаж л эхнэрээ эзгүйд гэр орноо цэмцийлгээд, ирэхэд нь халуун цайг нь аягалаад угтдаггүй юмаа гэхэд хүүхэдтэйгээ атгахааан хоол хийгээд идчих наад захын арчаатай байх хэрэгтэй. Тэгэж байж эхнэрт гар. Хамаг аяга шанагыг нь цүнхлээд явчихсан аятай, ядраад ирж байгаа эхнэрээ “За, гялс хоол ундаа хий” гээд ундуйцангуй угтах эрчүүд энгийн үзэгдэл болж. Хохино шд, ёстой.

Манай хүүхнүүд ч ядаж байхад хүлцэнгүй юм. Шүдээ зуугаад л гүрийгээд байна. Ядарч байсан ч за хэрүүл болчихно гээд үг дуугүй “Одоохон”.

Эхнэртээ халамжтай байж чаддаггүй юмаа гэхэд хоол унд нэхэж, хүүхэн шуухан эргүүлдэг шигээ үүргээ яг таг биелүүлчих л дээ эсвэл. Жаргалтай нүдэнд нь дурлаж авч суусантайгаа адил жавар хурсан, гал цоггүй, жавхаагүй болгохгүй юм шүү гээд гэр бүлээ хүн шиг авч яв л даа. Дараа нь олон юм нэх. Үгүй бол өргөмөл хүү шиг нь байхаа л больчих.

Эмэгтэй хүн тогооны хүн болох гэж эхнэр чинь болдоггүй. Хайр халамж хүсч, ганц бие байснаасаа илүү жаргалтай амьдрах гэж эр нөхөртэй болдог. Түүнээс биш нэргүй зарц, гэрийн буг, хэн ч үнэлдэггүй бэр, “атгуулцан байна шдээ, цаадахдаа” гэсэн найз нөхдийн ярианы эзэн болох гэж нөхөрт гардаггүй. Биш ээ, нөхөртэй болдоггүй. Ганц бие байснаас нь илүү жаргааж чадахгүй бол эр нөхөр нь биш, өргөмөл хүү нь болж байнаа л гэж бод, эрчүүд минь, хөгшин залуугүй аль аль нь шүү!

Энэ муу годгоносон охины үг үнэн шүү гэх хижээл насны “Чингис хаан” ч байхгүй л байх л даа. Гэхдээ залуу үеийн охид, бүсгүйчүүдийн тань төлөөлөл ийм ухамсартай болж төлөвшиж байна гээд хальт анзаараад л өнгөрчихгүй юу, тэ?
Хамтдаа аз жаргалтай амьдарч л байвал гэрийн ажил, хоол ундхан, халамж мэтийн наад захын асуудал дээр хэн нь ч хамаагүй л түрүүлж ирсэн нь л хийгээд байж байхад ноён зан тань дарагдаад, сүлд хийморь тань гундчихгүй ээ Хамгийн гол нь хамтдаа аз жаргалтай байх.

Эмэгтэй хүн эрхлэх л эрхтэй гэж @onntsdumd -ийн Дамбжаа ноёнтон хэлснийг чүддд өөрчлөөд “эмэгтэй хүн эрхлэж амьдрах наад захын эрхтэй” гээд дуусгая!

2017.11.17

Аахэн, ХБНГУ

www.instagram.com/oyohooo

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.