2018-04-09 10:59

О.Даваасүрэн:АТГ-ынханд Д.Гантулгын хэргийг шийдэх сонирхол байхгүй, МАН-ын даалгаврыг л биелүүлж байгаа

access_time 2018-04-09 10:59

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хийсэн гэх хүчингийн хэргийн эд мөрийн баримтад анхны шинжилгээг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний шинжээч О.Даваасүрэнтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийн шинжилгээг чи хэзээ хүлээн авч холбогдох шинжилгээг хийсэн бэ?

-Тус шинжилгээ надад 2017 оны зургадугаар 14-ны өдөр ирсэн. Ер нь өдөрт би ийм төрлийн 20-30 сорьцыг хүлээн авч шинжилдэг л дээ. Би тэр үед хүүхэд асрах чөлөөний захиалгаа зургадугаар сарын 16-ны өдрөөр өгчихсөн байсан учраас ажлаа шахах үүднээс тухайн өдөр ирсэн бүх шинжилгээгээг хийж дуусгасан. н.Наранзаяатай холбоотой хэргийн тухайд шинжээч эмчээс надад хохирогчийн биед үзлэг хийж авсан үтрээний арчдас, ор хөнжлийн даавуу, дотоож гурав ирсэн. Тэгээд би маргааш өглөө нь шинжилгээнийхээ дүгнэлтүүдийг бичээд, илгээх бичгээ бэлдээд байж байтал “Өнөөдрөөр тасалбар болгоод О.Даваасүрэнд хүүхэд асрах чөлөөг олгосугай” гэдэг тушаал ирсэн. Тушаал ирсэн учраас миний хувьд 16-ны өдөр нь ажиллах эрхгүй болчихож байгаа юм. Тэгсэн ч гэсэн 16-ны өдөр хийж байсан бүх ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх үүднээс ажиллаж, хийсэн шинжилгээний дүгнэлтүүдээ бичсэн. Гэтэл нөхөр маань утасдаад чөлөөний тушаал чинь гарчихаад байхад юундаа ажиллаад байгаа юм хурдан зуслан дээрээ ир гэсэн учраас ажлаа дуусгаж амжилгүй нөгөө дүгнэлтүүдээ ширээн дээр үлдээгээд явсан. Даваа гарагт эргэж ирээд дуусгая гээд явсан юм. Гэтэл 19-ний өдөр ээлжийн амралтаа аваад амарч байсан биологийн ахлах шинжээч н.Оюунаа эгчийг ШШҮХ-ийн Шинжилгээ хариуцсан захирал Ц.Гантулга яаралтай ир гэж дуудуулсан байдаг юм. Би лагер дээрээ байна очиж амжихгүй гэхээр нь Ц.Гантулга захирал жолоочоо явуулж авчруулсан байгаа юм.

-Яах гэж тэр хүнийг авчруулсан юм бэ?

-н.Оюунаа шинжээчийг авчрангуутаа миний хийсэн бүх шинжилгээнд дахиж шинжилгээ хийлгэсэн байсан. н.Оюунаа шинжээч арчдас болон бусад зүйлийг шинжлээд “Эр бэлгийн эс байхгүй л байна даа. О.Даваасүрэн буруу харсан байна” гэхээр нь хажууд нь зогсч байсан шинжээч н.Бямбаа хараад “Энэ эр бэлгийн эс мөн л байна шүү дээ” гэсэн юм билээ. Тэгсэн чинь н.Оюунаа шинжээч “Би лав энийг эр бэлгийн эс гэж хэлэхгүй” гээд “Эр бэлгийн эс илрээгүй” гэдэг хуурамч дүгнэлт гаргасан байсан. Яг түүнтэй зэрэгцээд Ц.Гантулга захирал, Бүртгэл мэдээллийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан н.Мөнхбат хоёр ШШҮХ-д шинжлүүлэхээр ирүүлсэн хохирогч н.Наранзаяагийн дотоож, өр хөнжлийн даавууг хайсаар байгаад олоод хоёр дахь шатны мөрдөнд шилжүүлэн өгсөн байдаг. Эхний мөрдөнгөөр ажиллаж байсан н.Түвшинжаргал “Би энийг чинь хийхгүй” гэсэн юм билээ. Хоёр дахь мөрдөн дотоож, ор хөнжлийн даавууг хүлээн авлаа гэсэн гарын үсэг нь, цагтайгаа байдаг. Тэр хүн эд мөрийн баримтыг авч явж угаачихаад хоёр цагийн дараа нойтноор нь авчирч хүлээлгэн өгсөн нь цаг, гарын үсэгтэйгээ байдаг. Нойтон даавуу болон дотоожийг нормын өрөөнд оруулж хатаасныг нь хүмүүс хэлдэг.

-Хуурамч дүгнэлтээ баталгаажуулахын тулд эд мөрийн бүх баримтыг санаатайгаар устгасан гэсэн үг үү?

-Тийм. Дотоод журмынхаа дагуу би даавуу болон дотоожноос хайчилж аваад архивлаж, дараагийн шинжилгээнд явуулах ёстой. Архивт өгсөн тэр даавуу нь бас алга болчихсон байсан. Хэн тэрнийг авсныг одоог хүртэл тогтоож чадаагүй. Намайг даавуунаас хайчилж дээж авсныг тухайн үед шинжээч, лаборант хоёроос өөр хүн мэдэх ёсгүй л дээ. н.Оюунаа шинжээч Д.Гантулгын хүчин хийсэн гэх бүх эд мөрийн баримтыг устгаж байсан учраас тэр даавууны өөдсийг ч гэсэн олж аваад устгачихаж дээ гэж бодож байтал азаар тэр даавууны өөдөс хохирогч нарт очсон байсан. Их сонин байгаа биз. Хохирогч нарт байгаа даавууг хэн нэгэн худлаа хэлж, чулуу хөөлгөж байна гэж бодтол яалтачгүй миний бичиг мөн байсан. Миний дугаарласан эд мөрийн баримт эх хуваариа мөн гэдгийг нь би хараад шууд таньсан. Мөн дотоож, даавуу хоёрт хийсэн шинжилгээний дүгнэлтээ бичсэн миний бор дэвтрийг хэн нэгэн намайг зуслан руу яваад ирэх хооронд хэн нэгэн хулгайлсан байсан. Тэр дэвтэр одоог хүртэл олдохгүй байгаа.

-Тэр дэвтэр дээр юу байсан юм?

-Би 14-ны өдөр хийсэн бүх шинжилгээний дүгнэлтээ бичсэн байсан юм. Тэдгээр дүгнэлтүүдээ тухайн өдөртөө гаргаж албажуулалгүй явчихсан нь миний буруу болсон. Намайг байхгүй хооронд н.Оюунаа шинжээчээр “Эр бэлгийн эс илрээгүйгээр гэдэг хуурамч дүгнэлтийг гаргуулсан хэдий ч хохирогч эмэгтэйн үтрээнээс авсан сорьцын дээж нь үнэн зөв дүгнэлттэйгээр албан ёсоор шинжээч эмчдээ очсон байдаг. Тэрийг нь шинжээч эмч н.Золжаргал хүлээж авсан гээд гарын үсгээ ч зурчихсан байдаг юм. Харамсалтай нь н.Золжаргал эмчийн хүлээн авсан үнэн зөв дүгнэлт мөн л алга болчихсон. Албан ёсны тэр дүгнэлтийг алга болгосон гэдгээр одоо н.Золжаргал эмчид эрүү үүсчихсэн шалгагдаж байгаа.

-н.Золжаргал эмч гэмт этгээдүүдийн буруутай үйл ажиллааны хохирогч болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Би хохирогч н.Наранзаяагийн биед анхны үзлэгийг хийсэн н.Энхтайван эмчид хэлсэн. Чи эр хүн юм бол энэ бүх булхай луйврын ард хэн хэн байгааг илчлээд, дүгнэлтийг хэн устгасныг хэлж найзыгаа авраач гэхэд н.Энхтайван юу ч хэлээгүй. Гэхдээ н.Энхтайван эмч өмнө нь аль нэг аймгийн хүнээс хахуул авсан нь АТГ-т илчлэгдсэн юм билээ. АТГ-аас бид авлига авсан хэргийг чинь хаая, чи харин Д.Гантулга гишүүний бандаашны хэргийн талаар юу ч хэлэхгүй шүү гэж тохирсон гэж надад нэг хүн хэлсэн. Н.Энхтайван дараа нь надаас “Чи н.Наранзаяа, н.Саранзаяаг таньдаг юм уу” гэж асуухаар нь би таньдаг байсан бол хамгийн түрүүнд шинжилгээг хийгээд бүх зүйлийг нь баримтжуулаад авах байсан гэж хэлсэн.

-Хуурамч дүгнэлт гаргасан хүмүүсийг илчлэхээр хөөцөлдөөд эхлэхээр чамд дарамт ирж байна уу?

-Надад ямар ч дарамт ирээгүй. Харин намайг ажлаа хүлээлцэхээр зургадугаар сарын 20-ны өдөр ирэхэд миний ширээн дээрээ үлдээсэн бүх зүйлийг хэн нэг нь авсан байсан. Хаачсан юм бэ гээд асуусан чинь Ц.Гантулга захирал, н.Түвшин-Эрдэнэ дарга хоёр бүгдийг хамаад явсан гэж хэлсэн. Ц.Гантулга захиралтай ороод уулзсан чинь “Чи хэдэн жил ажиллаж байгаа билээ. Ийм том алдаа гаргаад байхаар яадаг юм гэж загнасан. Миний хийсэн хүлээлгэж өгч амжаагүй байсан бактерлогийн долоон дүгнэлтэд он сарын алдаа гарсан байдаг юм. 2017 оны зургадугаар сарын 15н гэж бичих ёстой дүгнэлтийг тавдугаар сарын 16н гээд биччихсэн байсан. Чи ийм алдаа хийлээ гэж загнаснаа гэнэтхэн, за О.Даваасүрээн чи зургадугаар сарын 15-ны өдөр амарсан учраас энэ дүгнэлтүүдээ 14-ний өдөр болгоод гаргаадах” гэсэн. Тэр дагуу нь өөрчлөөд н.Түвшин-Эрдэнэ даргад хүлээлгэн өгсөн чинь Ц.Гантулга захирал хүрч ирээд “О.Даваасүрэн чи одоо эндээс бушуухан яв. 12:00 цагаас өмнө явж үз. Тэгээд нэг сар битгий утсаа асаагаарай” гэж намайг хөөсөн. Юу юугүй хөөгөөд эхлэхээр би бүр гайхаад явах гээд байж байсан чинь “манай ажлынхан ийм ийм учир болоод наадуул чинь сандраад байгаа юм” гэж хэлсэн.

-Ц.Гантулга захирал өөр ямар хууль бус үйлдэл гаргасан бэ?

-Намайг явсны дараа н.Түвшин-Эрдэнэ дарга С.Баттогтох шинжээч дээр очоод бүртгэлийн журнал дээр байгаа О.Даваасүрэнгийн бүх дүгнэлтийг ур гэж үүрэг өгсөн байсан. Журнал дээр юу байдаг вэ гэхээр “Шинжээч О.Даваасүрэн, ирүүлсэн эмч н.Энхтайван, Хохирогч н.Наранзаяа, ирүүлсэн зүйл гэдэг дээр нь үтрээний арчдас хоёр, наалдац хоёр гэсэн байдаг. Хариу гэсэн дээр үтрээний арцдас +, наалдац + гэж бичээд он, сар, өдөр гарын үсэг байдаг. Тэр хуудас дээрх тэмдэглэгээг штрикдсэн байдаг. С.Баттогтох эгч “Би чадахгүй та нар юун балиар юм хийгээд байгаа юм” гэж хариулсан байсан.

-Уучлаарай нэг зүйлийг тодруулъя. (+) гэсэн нь хариу эерэг гарсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Д.Гантулгын хүчин хийсэн гэх бүх эд мөрийн баримтыг баллах ажил л үргэлжлээд байгаа нь энэ шүү дээ. Мөн миний шинжилгээ хийдэг 14-ний өдрийн тэмдэглэгээ бүхий зургадугаар сарын 14-19-ний өдөр хүртэлх журналд мөн л өөрчлөлт оруулсан байсан. Зургаан хуудастай журналын 19-ний өдрийн хуудасны доогуур зураас татуулаад н.Наранзаяагийн шинжилгээний мазок, тампон, үтрээний арчдас, наалдацыг бүгдийг нь хасах, хасах болгон өөрчилсөн байсан. Би хууль бус энэ бүх процессыг Сүхбаатар дүүргийн цагдаад хэлэхэд “Манай нөхөр чи ийм олон юм ярих хэрэггүй байсан юм. Урт хэл хүзүү орооно гэхээр нь би хууль бус юм хийж чадахгүй гэдгээ хэлсэн.

-Хүчин болон хууль бус шүүхийн шинжилгээ гаргасан гэдэг асуудлыг аль дүүрэгт шалгасан бэ?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаад, шүүхийн шинжилгээнд өөрчлөлт оруулж хууль бус дүгнэлт гаргасан асуудлыг Баянзүрхийн цагдаад шалгаж, нэгтгээд АТГ-т бүрэлдэхүүн болгон шалгаж байгаа. АТГ-т н.Ууганбаяр гэдэг байцаагч уг хэргийг шалгаж байгаа. н.Ууганбаяр надаас “Хохирогчдод очсон шинжилгээний обьектыг хэн гаргасан бэ” гэж дахин дахин асуугаад байгаа. Би тэгэхээр нь “Та нарт энэ чухал биш шүү дээ. Хүчингийн хэргийг шалгахын оронд яагаад шинжилгээний обьектыг хэн гаргасныг шалгаад байгаа юм бэ Гол юм аа шалгаач” гэхээр юм хэлдэггүй. АТГ-ынханд Д.Гантулгын хүчингийн хэргийг шийдэх сонирхол огт байхгүй, харин МАН-ын даалгаварыг л биелүүлж байгаа. Шинжилгээний обьект болсон даавуу, дотоожийг угаасан ноцтой хэргийг огт шалгахгүй байгаа мөртлөө даавуунаас тасдаж авсан дээж яагаад хохирогч нарт очсон бэ гэдгийг л надаас дахин дахин асуудаг. АТГ-аас Д.Гантулга гишүүн гэмгүй гэсэн шийдвэр гаргавал би хэвлэлийн хурал зарлаж үнэн мөнийг олон нийтэд ил болгоно гэдгээ АТГ-ынханд хэлсэн. Бас хууль бус зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

-Уг хэргийг дарагдуулж нуух сонирхол АТГ-ынханд байна гэсэн үг үү?

-Тодорхой байгаа биз дээ. Хэргийн ноцтой баримтуудыг шалгахын оронд надаас тэс өөр зүйл асуугаад байгаа юм. Нэг ноцтой зүйл хэлэхэд саяхан болсон цэргийн баяраар манай байгууллагын хэдэн хүн цол авч, цолны найрандаа намайг урьсан юм. Баярын цайллагын үеэр ДНК хариуцсан ахлах шинжээч н.Ганболд руу Ц.Гантулга захирал дайрсан. Ц.Гантулга захирал “Чиний тэр ДНК юу юм. Эцсийн эцэст бид нар л ялна. Чиний хийсэн тэр шинжилгээг хэн ч авч хэлэлцэхгүй. Хуулийг бид атгаж байгаа” гэж хэлэхийг би хоёр чихээрээ сонссон. Тэгснээ Ц.Гантулга захирал миний ажлыг хүлээж авсан Татяна эгчийг зайл гэж хөөсөн. Татяна гэдэг хүн надад маш их зүйлийг зааж сургасан, настай хүн учраас би тэр хүнийг маш их хүндэлдэг. Тэр хүнийг яагаад тэгж хөөв гээд шалтгааныг нь сурагласан чинь Татяна багш АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “Бактерлогийн мазокон дээр эр бэлгийн эс байсан” гэж хэлсэн юм билээ. Мөрдөн байцаалтын нууцыг Ц.Гантулга мэдчихсэн байгаа нь АТГ, Ц.Гантулга нар нягт хамтарч ажиллаж байгааг харуулж байгаа юм. ШШҮХ-ээс Татянаг багшийг хөөж явуулчихаад одоо “Бакторлогийн шинжээч авна” гэсэн зарыг явуулаад байдаг болсон байна билээ.

-Д.Гантулгын бэлгийн эс гэдгийг энд тогтоосон уу? Гадаадын лабораторид тогтоосон уу?

-ШШҮХ-д тогтоосон. Хохирогчдод азаар очсон сорьцын даавуунаас эр бэлгийн эс илрүүлж, тэр нь Д.Гантулгынх мөн гэдэг нь тогтоогдсон. Тэр шинжилгээг нь ШШҮХ-ийн тусгай шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж ДНК-гийн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч н.Ганболд хийж нотолсон. Н.Ганболд шинжээч өмнө нь эрхлэгч, тасгийн даргаар ажиллаж байсан юм. Гэвч УИХ-ын сонгуулийн дараа тушаал буулгаж оронд нь н.Энхтүвшин гэдэг хүнийг томилсон. Н.Энхтүвшингийн эхнэр нь УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан юм гэсэн.

Эх сурвалж: DARDAS.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.