2020-09-18

Вакцин бүтээсэн гэж яаран зарласан шийдвэрээс болж ОХУ-ын олон шилдэг эрдэмтэд ажлаас нэрээ татлаа

access_time 2020-08-17 14:40

Орос улсын тэргүүлэх зэргийн эмч нар вакцин бүтээх үйл хэргээс нэрээ татаж эхэлжээ. Учир нь тэд ерөнхийлөгчийг эмнэлзүйн ёс журмыг зөрчиж, хэт яаран шийдвэр гаргасан гэж үзэж байгаа гэнэ.

Уг эмч нарын нэг, ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны ёс зүйн зөвлөлийн гишүүн профессор Александр Чучалин уг албан тушаалаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд мөн түүнчлэн коронавирусын вакцин болох “Спутник-5”-ийг батлагдахаас нь өмнө нэлээд шүүмжлээд амжсан юм. Тэрээр уг вакциныг баталгаажаагүй үед үйлдвэрлэлтэд оруулахаар яарч байгааг тун ч эсэргүүцэж байгаа юм.

Чучалин коронавирусын халдварын вакциныг бүтээж буй эрдэмтдийг тэргүүлж буй хоёр эрхмийн тухай онцолсон байна. Тэдгээр нь Гамалеа эпидемиологи болон микро-биологийн судалгааны төвийн захирал профессор Александр Гинцбург, эмнэлгийн хурандаа, Оросын армийн вирус судлалын шилдэг мэргэжилтэн профессор Сергей Борисевич нар юм. Чучалин тэднээс уг вакцин нь шаардлагатай явц, дамжлагаар хийгдэж, Орос улсын болон Олон улсын стандартад нийцсэн эсэхийг нь асуухад тэд хариулаагүй гэжээ. Тийм ч учраас тэрээр энэ асуудалд тун бухимдаж байгаа бөгөөд зарим мэргэжил нэгтнүүд нь тун хариуцлагагүй үйлдэл гаргасанд сэтгэл дундуур байгаа гэнэ.

Тэрээр “Наука и Жизнь” (Шинжлэх ухаан ба Амьдрал) сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: Аюулгүй байдал хамгийн эхэнд тавигдах ёстой. Үүнийг юугаар ч хэмжиж болохгүй. Өнөөдрийн бүтээгдээд буй вакциныг хүнд туршиж үзээгүй байгаа. Хүмүүс хэрхэн дасан зохицох, биед нь тохирох эсэхийг урьдчилан таамаглаж болохгүй. Тийм ч учраас эрдэмтэд уг вакциныг хүнд аюулгүй гэдгийг туршилт хийж, баттай болсон мэдээ мэдээлэл, судалгаанд үндэслэж гаргах хэрэгтэй. Удаан хугацаандаа ямар үр дагавар гаргахыг бид мэдэхгүй. Ихэнх биологийн гаралтай нэгдлүүд биед орсон даруйдаа өөрчлөлт авч ирдэггүй ч хэдэн жилийн дараагаар илрэх тохиолдол байдаг гэжээ.

Уг вакциныг шүүмжилж буй өөр  нэгэн хүн нь Профессор Александер Чепурнов бөгөөд тэрээр яаран гаргасан шийдвэрээс болж коронавирусын халдварыг улам тархааж болох юм гэжээ. Чепурнов Сибирь дахь гоц халдварт өвчин судлалын “Vector” институтийн захирал байсан бөгөөд вакцин бүтээх үйл хэрэгт дуудагдаад байсан юм.

Тэрээр: бидэнд вакциныг бэлэн болготол цаг хэрэгтэй. Эсрэг биет үүсэх нөхцөлүүд харилцан адилгүй. Коронавирусын зарим тохиолдолд эмгэг төрүүлэгчид эсрэг биеттэй урвалд орох тохиолдлууд байгаа. Тийм ч учраас ямар төрлийн эсрэг биет ашиглахыг эхлээд тодорхойлох хэрэгтэй гэсэн юм.

Бас нэгэн тэргүүлэх эрдэмтэн Владимир Чеконин мөн түүнчлэн энэ эсэргүүцэлд нэгдээд байгаа бөгөөд вакциныг хэрэглэхийг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн юм. Энэ мэтчилэн олон тооны тэргүүлэх зэргийн эрдэмтэд засгийн газраас вакцин бэлэн болсон гэж яаран гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж, уг ажиллагаанд оролцохоос татгалзаад байгаа юм.

 

Эх сурвалж: Daily Mail

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.