2019-02-19 09:59

Артем Кулеша: Монголд дундаж давхарга гэж байхгүй

access_time 2019-02-19 09:59

ОХУ-ын “Зенит” багийн залуусын багийн хөлбөмбөгчнөөр гараагаа эхлэсэн, Монгол улсад “Эрчим” клубт тоглож байгаад буцсан Артем Кулеша Монголын амьдрал болон хөлбөмбөгийн хөгжлийн талаар Оросын sports.ru цахим хуудсанд ярилцлага өгчээ.

–Монголын нийслэлийг хараад гайхшрах зүйл байв уу?

–Анх Улаанбаатарт ирэхдээ тийм сайхан хот байна гэж огт төсөөлөөгүй. Маш хөгжингүй хот байсан, тосгон шиг биш шүү, манайд ч тийм хотыг хайгаад олоход бэрх. Гэхдээ хот нь хоёр хэсэгт хуваагдана, хамгийн үнэтэй, сайхан хэсэг нь хотынхоо төвд, харин хотын захруугаа гарахаар тарчиг амьдрал харагдана. Монголд дундаж давхарга гэж байхгүй. Эсвэл мөнгөтэй, эсвэл ядуу. “Гелендваген” болон түүний хажуугаар өнгөрөх орон гэргүй хүн. Энэ бол тэдний хувьд хэвийн л үзэгдэл.

–Монголын аварга шалгаруулах тэмцээн хэрхэн зохион байгуулагддаг вэ?

–Монголын аварга шалгаруулах бүхий л тэмцээнүүд Улаанбаатарт байх ганцхан цэнгэлдэх хүрээлэнд болдог. Ганцхан “Эрчим” клуб л өөрийн гэсэн цэнгэлдэх хүрээлэнтэй учраас бид тэндээ тоглодог байлаа. Цэнгэлдэх хүрээлэн нэг их том биш л дээ, гэхдээ тохьтой. Бэлтгэлийн бааз хотын захад, үйлдвэрийн бүсэд байдаг байлаа. Заримдаа бэлтгэлийн үеэр талбай үйлдвэрүүдийн тоосонд дарагдаж, амьсгалах, тоглох ямар ч боломжгүй болж байсан үе бишгүй.

Ер нь бол тэнд өвөл тоглох, амьдрахад хэцүү гэж ярьж байсан. Уулан дээр амьдардаг нүүдэлчид түлээ авах мөнгөгүй учраас дугуй шатааж, тэр утаа нь Улаанбаатарыг бүрхчихдэг. Монголд хөлбөмбөгийг хөгжүүлж байгаа. Гэхдээ ямар нэг түвшинд гарахын тулд өсөж дэвжих хэрэгтэй. Тэнд хөлбөмбөгийн сургуулиуд бий, энэ спортод хөрөнгө ч оруулж байна. Таван жилийн дараа гэхэд тэд түвшнээ ахиулж чадна.

–Одоо энэ улсад хөлбөмбөгийн түвшин нь ямар байна?

–Хөлбөмбөгийн түвшин нь манай хоёрдугаар лиг, сүүлийн газар. Тэнд африкчууд, серүүд, бразильчууд гээд легионерууд тоглодог. Бразильчуудыг үнэгүй тоглохоор ирсэн, зөвхөн хооллож ундалахад л болно гэсэн гэж манай залуус ярьж байна лээ, хөгжилтэй юм шүү (инээв).

–Легионеруудын цалин хэд байдаг вэ?

– Монголчуудад бол маш багыг өгдөг юм билээ. Харин би 1100 доллараар гэрээ байгуулсан юм.

–Чи Монголын аварга болсон шүү дээ. Удирдлагууд чамайг шагнав уу?

–Ялалт байгуулсан хөлбөмбөгчинд “Хөлбөмбөгийн холбоо” урамшуулал байдлаар их мөнгө өгдөг. Харин удирдлагууд нэг их өгөөмөр биш ээ, бараг юу ч өгөөгүй. 10 мянган рубль, ярихаас ч инээдтэй юм. Гэхдээ яах вэ дээ.

Medee.mn Б.АНАНД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.