2019-02-19 09:17

Р.Булгамаа: Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа

access_time 2019-02-19 09:17


Өмгөөлөгч Р.Булгамаагаас түүний ажиллаж буй зарим хэргийн талаар тодрууллаа.

-Буудалд 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшлогдож энэ сарын 21-нд хуралдахаар болсон. Хурал дахин хойшлох юм биш биз?

-Анхан шатны шүүхийн шийдвэрт прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчид давж заалдах гомдол албан ёсоор гаргасан. Үүний дагуу давж заалдах шүүх хурал болох байсан ч өмгөөлөгчид хуралд ирээгүй. Дахин нэг өмгөөлөгч авсан байсан ч тэр нь гомдол гаргаагүй байсан тул хэргийг авах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Шүүгч нь өмгөөлөгч нар, хэргийн оролцогч нарыг дахиж хурал таслахгүй байх анхааруулга өгсөн. Тиймээс ийм зүйл дахин давтагдахгүй гэж найдаж байна.

-Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэргийг хаах саналыг цагдаагийн байгууллага прокурорт хүргүүлсэн. Хэрэгтэй холбоотой мөрдөн байцаах ажиллагаа дууссан гэсэн үг үү?

-Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой хэргийг хаасан гэж нэг хэсэг шуугисан. Хэргийг хаагаагүй. Өмгөөлөгчид ажиллаж байна. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт өгсөн. Шинжилгээний хариу гарсан. Гэр бүл болон өмгөөлөгчдийн зүгээс шинжилгээний бүрэлдэхүүнээс тодруулах зүйл байгаагаа уламжилсан. Бид нэг зүйлд маш их эргэлзэж байгаа. Талийгаач 14 давхраас унаж, амиа хорлосон гэсэн ойлголт нийгэмд байгаа. Анх 11 давхар гэж байсан бол 14 давхар болсон. Мөрдөгчид 14 давхраас нотлох баримт илэрсэн гэсэн. Ар гэрийнхэн, өмгөөлөгчдийн зүгээс 14 давхарт туршилт явуулахыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, тийм хэмжээний салхивчаар талийгаач өөрөө унах боломжтой юу гэдэг дээр гомдол гаргасан. Энэ мөрөөр өнгөрсөн долоо хоногт албаныхан буюу прокурор, мөрдөгч, гэрчүүд, ар гэрийнхэн, өмгөөлөгчдийг байлцуулан хэргийн газарт туршилт зохион байгуулсан. Үүний дүгнэлтийг албан ёсоор хүлээж байна.

-Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан цэрэгтэй холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Цэрэгт амиа алдсан хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ах нь ажиллаж, гомдлоо хуулийн байгууллагад гаргасан. Талийгаачид гаднын нөлөө үзүүлсэн гэдэг нь тодорхой байгаа. Гэрчүүд ч албан ёсоор мэдүүлэг өгсөн. Цэргийн алба хаахаар хүүгээ явуулаад, цогцсыг нь хүлээж авдаг байдлыг дахин давтуулахгүйн төлөө ар гэрийнхэн нь явж байгаа.

News.mn Р.Ренчиндулам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.