2018-12-24 16:21

Сурагчдын амралттай холбоотой зөвлөмж гаргажээ

access_time 2018-12-24 16:21

Ховд /МОНЦАМЭ/ БСШУС-ын сайдын 2018 оны 11 сарын 29-ний өдрийн А/747 тоот тушаалыг үндэслэн Ховд аймгийн Прогресс сургууль нийт эцэг, эх асран хамгаалагч нарт хандаж, сурагчдын амралтын өдрүүдэд аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмж гаргаж, хүргүүлээд байна.

Цаг агаар эрс хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурч, хальтиргаа гулгаа ихсэж хүүхдүүд болон насанд хүрэгчид бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол ч гарч байгаагийн дээр агаарын бохирдол, утаа ихэсч ханиад томууны тархалт нэмэгдсэн. Мөн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ оны 12 сарын 22-ны өдрөөс 2019 оны 1 сарын 20-ныг хүртэл хугацаанд амрах болсон.

Ийм учраас эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, хараа хяналтаа сайжруулан анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Прогресс сургуулийн захиргаа хамт олон аймгийнхаа нийт сургуулиудыг уриалж, зөвлөмж гаргаад байна.

Хөдөө орон нутаг руу явж амардаг сурагчдын явах, ирэх үед түүний зорчин яваа унаа тээврийн хэрэгслийн аюулгүй баталгаатай байдалд анхаарч, баталгаатай унаа хөсгөөр тээвэрлэх, эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээр хүүхдийг замын унаанд суулгаж явуулахгүй байхыг анхааруулсан байна.

Амралтын хугацаанд давтлага өгч байгаа багш нартай харилцаа холбоотой ажиллаж, ирэх, буцах үед аюулгүй байдлыг хангахыг эцэг, эх асран хамгаалагч нарт зөвлөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.